Цээж бодолтын тэмцээний аваргууд тодорлоо

Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “Human Calculator-2018” цээж бодолтын 5 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу 2018 оны 3 сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа.

Тус тэмцээнд урьдчилсан шатанд өрсөлдсөн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн 500 гаруй сурагчдаас шалгарсан шилдэг 80 тамирчин “8-аас доош нас” болон “9-12 нас” гэсэн хоёр насны ангилалд “10 оронтой 10 тооны нийлбэр”, “8 оронтой 2 тооны үржвэр”, “Хүн хуанли” болон “Флаш анзан” төрлүүдээр өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм.

Өнгөрсөн жилүүдэд тамирчид зөвхөн “Флаш Анзан” буюу маш богино хугацааны давтамжтай дэлгэцэн дээр гарч ирсэн олон тооны нийлбэрийг алдаагүй бодох чадвараараа өрсөлддөг байсан бол энэ удаа олон улсын тэмцээний стандарт бусад төрлүүдийг нэмж оруулснаараа онцлог байлаа. Эдгээр төрлүүд нь “Флаш Анзан” төрөлтэй адил оноог маш хатуу дүгнэдэг билээ. Тухайлбал “8 оронтой хоёр тооны үржвэр” төрөл нь өгөгдсөн хугацаанд аль болох олон бодлогыг цээжээр алдаагүй бодох ёстой ба нэг бодлогын хариу болох 15, 16 орон тоог бичихдээ нэг л цифр буруу бичихэд тухайн бодлого дээр оноо авах боломжгүй болох тул хүүхдүүд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж зөв тооцоолол хийх шаардлагатай болж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээний үнэмлэхүй аваргаар “9-өөс дээш нас”-ны ангилалд өрсөлдөн төрөл тус бүрт медаль хүртсэн Д.Хүслэн нь цээж бодолтоор 2 жил тууштай хичээллэн өнгөрсөн жилийн аваргуудыг ялж тэргүүллээ. Мөн зургаахан сар хичээллэн гайхалтай амжилт гаргасан Б.Мөнхчимэг, Г.Пүрэвбат нарыг онцлохгүй байж болохгүй.

Ингээд төрөл тус бүрт эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

8-аас доош насны ангилал:

10 оронтой 10 тооны нийлбэр
1. М.Буянжаргал (Хөвсгөл) – 12/8/ бодлого
2. У.Хан-Эрдэнэ (Улаанбаатар) – 12/4/ бодлого
3. Б.Төвшиндалай (Улаанбаатар) – Хүрэл 12/3/ бодлого

8 оронтой 2 тооны үржвэр
1. Г.Пүрэвбат (Улаанбаатар) – 5 бодлого
2. У.Хан-Эрдэнэ (Улаанбаатар) – 4 бодлого
3. М.Дөлгөөн (Улаанбаатар) – 1/74/ бодлого

Флаш Анзан
1. Б.Хонгорзул (Хөвсгөл) – 6310.27 оноо
2. М.Буянжаргал (Хөвсгөл) – 5093.72 оноо
3. Б.Мөнхчимэг (Улаанбаатар) – 3982.63 оноо

Хүн Хуанли
1. М.Буянбадрах (Улаанбаатар) – 46 өдөр
2. Б.Хан-Эрхэс (Улаанбаатар) – 36 өдөр
3. У.Хан-Эрдэнэ (Улаанбаатар) – 17 өдөр

9-12 нас:

10 оронтой 10 тооны нийлбэр
1. Д.Хүслэн (Улаанбаатар) – 32 бодлого
2. Б.Итгэлмаа (Сэлэнгэ – Зүүнхараа) – 31 бодлого
3. Б.Биндэръяа (Улаанбаатар) – 29 бодлого

8 оронтой 2 тооны үржвэр
1. Б.Итгэлмаа (Сэлэнгэ – Зүүнхараа) – 11 бодлого
2. Б.Биндэръяа (Улаанбаатар) – 9/96/ бодлого
3. Д.Хүслэн (Улаанбаатар) – 9/94/ бодлого

Флаш Анзан
1. Д.Хүслэн (Улаанбаатар) – 8627.01 оноо
2. Э.Бумдарь (Хөвсгөл) – 8565.79 оноо
3. М.Гунгаадорж (Хөвсгөл) – 8293.68 оноо

Хүн Хуанли
1. Д.Хүслэн (Улаанбаатар) – 181 өдөр
2. Б.Биндэръяа (Улаанбаатар) – 160 өдөр
3. Б.Энхлүүн (Улаанбаатар) – 133 өдөр

Шагналт байрт орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Тэмцээний ивээн тэтгэгч Мастер Майнд ХХК-ийн хамт олонд оюунлаг үйлсийг дэмжсэнд талархлаа илэрхийлье.

Эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргах тамирчид эдгээр тэмцээнүүдээс л тодордог билээ. Сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш нар болон сурагчдынхаа гэр бүлийнхэнд нь баярласан талархсанаа илэрхийлье.

Бүх тамирчдадаа энэ зун болох “Summer-2018” улирлын аварга шалгаруулах тэмцээндээ сайн бэлдэж амжилттай оролцоорой гэж хүсье.

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2018.03.26