СПОРТ ӨРӨЛТИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО


Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 4 дүгээр сарын 5-наас 11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд 27 улсын 611 тамирчин нас насны ангилалдаа амжилттай оролцлоо. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван тамирчин, 7-10-т орсон тамирчдыг тусгай байрт тус тус шалгарууллаа.

Манай улсыг төлөөлж Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас зургаан насны ангилалд нийт 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд 6-гаас доош насны ангилалд Язгуур бага сургуулийн 1-р ангийн сурагч Ц.Цэцбилгүүн “3-3-3” болон “3-6-3” төрөлд тус тус хүрэл медаль, 7-8 насны ангилалын “Цикл” төрөлд тус сургуулийн 3-р ангийн сурагч З.Сийлэн хүрэл медалийн болзол хангалаа.
Шилдэг 10 буюу тусгай байрт Х.Ивээл, Х.Ариунхишиг, Т.Алдар нар шалгарсан юм.

Энэ удаагийн тэмцээний сүүлийн шатанд гурван төрлийн өрөлтийг хамгийн бага хугацаанд гүйцэтгэсэн тамирчдыг (15-16 нас) танилцуулбал:

“3-3-3” төрөл: Chan Keng Ian 1.383 секунд (Малайз)
“3-6-3” төрөл: Chan Keng Ian 1.748 секунд (Малайз)
“Цикл” төрөл: Evan Cloud 5.248 секунд (Америк)

Харин улс улсын шилдэг багийн хооронд болсон International Challenge төрөлд АНУ-ын баг тамирчид тэргүүллээ.
Хурд, авхаалж самбаа, төвлөрлийн гайхамшиг болсон Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархсанаа илэрхийлээд дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш, дасгалжуулагч нартаа мөн тамирчдын ар тал болж үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэнд нь баярлалаа.

Монголын Спорт Өрөлтийн Холбооны
Ерөнхийлөгч Х.Хатанбаатар

2021.04.12