“СУДЛААЧ БАГШ” ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Оюун Ухааны Академийн сургалтын албанаас хотын болон орон нутгийн нийт салбарын багш нарыг хамруулсан “СУДЛААЧ БАГШ” заах арга зүйн туршлага хуваалцах цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг уулзалтад академийн оюуны хөгжлийн хөтөлбөрийг франчайзын гэрээгээр хэрэгжүүлэгч орон нутгийн гэрээт салбарууд болон мөн Үндсэн салбар, Академийн дэргэдэх “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Язгуур” бага сургуулийн нийт 40 гаруй багш нар оролцож сурагчийг хөгжүүлэх, сэдэлжүүлэх заах арга зүйн туршлага, ур чадваруудаа хуваалцан, бие биенээсээ суралцаж тухайн цаг хугацааг маш бүтээлчээр өнгөрүүллээ.

Дашрамд дуулгахад Монголын Оюун Ухааны Академи нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Зүүнхараа, Дорнод, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумд, Баянхонгор, Увс, Өвөрхангай гэсэн нийт 9 аймгийн 10 суманд оюуны хөгжлийн хөтөлбөрүүдийг франчайзын гэрээгээр амжилттай хэрэгжүүлж байна. Цаашид манай хамт олон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн Монгол улсынхаа бүх аймгуудад гэрээт салбараа нээж орон нутгийн хүүхэд залуусын оюуны хөгжилд хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байгаа билээ.

Мөн олон улсын хэмжээний төсөл хөтөлбөрийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаас гадна Румын улсын Бухарест хот, АНУ-ын Лос-Анжелес хотуудад Академийн гэрээт салбарууд маань үйл ажиллагаа амжилттай явуулж байна.

Ингээд академийн нийт багш нар болон мэргэжил нэгт багш нартаа сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

“Хүнийг бүх талаас нь хүмүүжүүлэх гэвэл түүнийг тал бүрээс нь судалж үзэх хэрэгтэй.” К.Д Ушинский

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

Сургалтын алба
2021.03.25