ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА ТОДОРЛОО

Монголын Оюун Ухааны Академиас 10 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын Улсын аварга” шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн шилдэг 100 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын цолтой (ОУ-ын Их Мастер 6, Их Мастер 1, ОУ-ын Мастер 3, Азийн Мастер 2) 12 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо.

Ингээд хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор 14 Улсын дээд амжилт болон 2 Дэлхийн дээд амжилт шинэчлэгдлээ. Тухайлбал, 5 минутын “Хоёртын тоолол” төрөлд 1170 цифр байсан дэлхийн дээд амжилтыг 4 тамирчин шинэчилж хамгийн өндөр үзүүлэлт буюу 1688 цифрээр ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн, 10 минутын “Олон багц хөзөр” төрөлд 416 ширхэг буюу 8 багц байсныг 2 тамирчин шинэчилснээс хамгийн өндөр үзүүлэлт буюу 456 хөзрөөр мөн ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн тус тус эзэмшихээр боллоо.
Энэ жилийн улсын аваргын “Бага нас”-ны ангилалд Д.Хүслэн (3353 оноо), “Өсвөр”-ийн ангилалд ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (8186 оноо), “Насанд хүрэгчид”-ийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7690 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.
Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлэн 2020 оны “Улсын аварга”-аар ОУ-ын Их Мастер, Жи Эн Бевережис ХХК-ийн тамирчин, Т.Тэнүүн (8186 оноо) тодорч аваргын цом, медаль, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм. Тэрээр шагнал авах үеэрээ “Сайн уу, би Тэнүүн байна. Энэ амжилтыг гаргахад дэмжиж туслан, урам өгч байсан багшдаа, гэр бүлийнхэндээ, найзууддаа баярлалаа. Яг ийм амжилт гаргана гэж ерөөсөө төсөөлөөгүй байсан. Үнэхээр их баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. Хөдөлмөр хүнийг хэзээ ч гомдоодоггүй юм байна.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ.
Харин тэмцээний нийлбэр дүнгээр дэд байрт 2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7690 оноо) шалгарч 750 мянган төгрөг, гутгаар байрт ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр (6962 оноо) шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртсэн юм.
(Тэмцээний албан ёсны дүнг www.memorysport.mn сайтаас харна уу.)
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж оюунлаг үйлсийг ивээн тэтгэсэн, оюуныг дэмжигч байгууллага Голомт банк, Таван богд фүүдс пицца хат болон Хөх Монгол принтинг компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье!
Мөн зохион байгуулах багт ажилласан сайн дурын ажилтнууд, нийт тамирчид, орон нутгийн салбарын удирдлагууд, тамирчдыг бэлтгэсэн багш нар, үргэлж ар тал нь байж дэмжиж тусалдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ийнхүү бид 10 жилийн хугацаанд оюуны спортын 101 дэх тэмцээнээ амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 16,000 гаруй тамирчдыг бэлтгэн оролцуулжээ. Мөн манай хамт олон 10 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж байна.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2020 оны 11 сарын 09-ний өдөр