“ОЙ ТОГТООЛТЫН УЛСЫН АВАРГА-2020” ОЮУНЫ СПОРТЫН 10 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН ТУН УДАХГҮЙ

Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрэн зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ.
Манай байгууллага эрхэм зорилгынхоо хүрээнд өнгөрсөн хугацаанд дотооддоо оюуны спортын 100 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 16,000 гаруй хүүхэд залуус, ахмад үеийннхнийг хамруулсан. Мөн шигшээ багийн тамирчдаа бэлтгэн ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын төрлүүдээр 58 олон улсын тэмцээнд амжилттай оролцуулсан ба өнөөдөр Монголын баг тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байна.
Бид олон улсын уралдаан тэмцээнүүдээс нийт 45 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 1077 медаль, 90 гаруй цом хүртэн, дэлхийн 37 дээд амжилт, 3 Гиннесийн рекордыг тус тус эзэмшихээс гадна багаараа Ази тив, Дэлхийн аварга болж олон улсад эх орноо амжилттай сурталчилсаар байна.
Энэ сарын 7, 8-нд 10 дахь удаагийн Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг манай хамт олон зохион байгуулж байгаа ба тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 100 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр хоёр өдрийн турш бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.
Энэ удаагийн тэмцээнд Азийн Мастер 2, Олон Улсын Мастер 4, Их Мастер 1, Олон Улсын Их Мастер 6 буюу нийт 13 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, өсвөрийн дэлхийн аварга ОУИМ Э.Пүрэвжав, Э.Лхагвадулам тэргүүтэй шилдгүүд оролцож байна.
Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Ө.Сэнгэсамдан, Б.Баасандорж нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Мастер Майнд ХХК, оюуныг дэмжигч байгууллага PIZZA HUT, Хөх Монгол Принтинг хамт олонд оюунлаг үйлсийг дэмжиж ирээдүйн их авьяастнуудыг тодруулах үйлсийг хамтдаа бий болгож буйд талархсанаа илэрхийлье.
Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье.
Оюуны хүчийг мэдрүүлцгээе!
Монголын Оюун Ухааны Академи
2020.11.04