“ДЭМ ДЭМЭНДЭЭ” ХӨТӨЛБӨР ТУН УДАХГҮЙ

Монголын Оюун Ухааны Академи нь үүсгэн байгуулагдсаны 10 жилийнхээ ойн хүрээнд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа ба нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй бас нэгэн сайн үйл болох “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлэх гэж байна.
Тус хөтөлбөрийн зорилго нь аюулт цар тахлын үеэр ард иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалж халдварт өвчний голомтот ажиллаж буй Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон байгууллагын ажилтан, эмч, сувилагчдын хүүхдүүдийн оюуны хөгжлийг дэмжихэд чиглэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд уураг тархины бүтэц, онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой аргачлал болон бүтээлчээр суралцах арга барилыг суралцагчдад эзэмшүүлэх зорилготой нэг сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Memory Focus” сургалтад нийт 17 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахад бэлэн болоод байна.
Оюунлаг үйлс дэлгэрэх болтугай!
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2020.10.19