НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД НЭГЭН САЙН ҮЙЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА

Монголын Оюун Ухааны Академийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн ХУД-ийн 63-р тусгай сургууль дээр “Оюуны мэлмий нээгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгааг дуулгахад таатай байна.

ХУД-ийн 63-р сургууль нь тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургууль бөгөөд бид дээрх хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 6-9 дүгээр ангийн 60 гаруй сурагчдаас ой тогтоолтын чадамжийг шалгах сорил авч нийт 10 сурагчийг шалгаруулан эдгээр шалгарсан суралцагчиддаа ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх “Memory Focus” сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар боллоо.
“Memory Focus” ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх сургалт нь суралцагчийн уураг тархины бүтэц, онцлогт тохирсон ой тогтоолтын сонирхолтой аргачлалд суралцаж олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоож сурах арга барилыг бий болгодог онцлогтой урт хугацааны сургалт юм. Тус сургалт нь үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд долоо хоногт 3 удаа ойролцоогоор 1 сарын турш үргэлжилнэ.
Дашрамд дурдахад Монголын Оюун Ухааны Академи нь үүсгэн байгуулагдсаны 10 жилийнхээ ойн хүрээнд олон олон ажлыг хийхээр зорьж байгаагаас нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх хэд хэдэн ажил төлөвлөсөн байгааг онцолж дуулгахдаа баяртай байна.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2020.10.12