АКАДЕМИЙН БАГШ НАР ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Энэ сарын 2-5-ны хооронд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар болон багш, ажилтнууд академийн Хөвсгөл аймаг дахь салбарт ажиллаж салбарын үйл ажиллагаа, маркетинг, менежмент, сургалтын стандарт, чанарыг сайжруулах талаар салбарын удирдлага, багш нарт сургалт хийлээ.
Улаанбаатар хотоос очсон манай багш нарыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хүлээн авч уулзан оюуны хөгжлийн хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож бидний цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Х.Хатанбаатар багш энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ерөнхий боловсролын 10 сургуулийн дунд, ахлах ангийн нийт 1600 гаруй сурагчидтай уулзалт зохион байгуулж мэргэжил сонголт, сурах арга барил, зорилгынхоо төлөө өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх талаар яриа хийснээс гадна аймгийн иргэдэд “Тархиа үр дүнтэй ашиглах нь” сэдэвт лекцээ уншлаа.
Дашрамд дурдахад Хөвсгөл аймаг дахь гэрээт салбар нь 2015 оны 12 сард албан ёсны эрхтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл 1000 гаруй хүүхэд, залуусыг богино болон урт хугацааны оюуны хөгжлийн хөтөлбөрүүддээ хамруулаад байна. Мөн эрхэм зорилгынхоо хүрээнд улсдаа төдийгүй олон улсад тэргүүлж буй олон арван оюуны спортын шилдэг тамирчдыг бэлтгэсээр байна.
Монголын Оюун Ухааны Академи
2020.10.08