АКАДЕМИЙН САЛБАР ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

Монголын Оюун Ухааны Академийн Өвөрхангай аймаг дахь гэрээт салбар нь 2020 оны 9 сарын 29-нд нээлтээ хийж, оюуны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн болон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, иргэд оролцсоноос гадна, Академийн захирал Х.Хатанбаатар уригдаж, тус аймгийн ерөнхий боловсролын 6 сургуулиар зочлон, эх орны гэрэлт ирээдүй болсон 1200-гаад хүүхэд залууст “Суралцахуйд суралцах нь” сэдвийн хүрээнд лекц хийж, оюуны хөгжлийн хөтөлбөрийг танилцуулан, амьдрал ахуй, хичээл сурлагадаа хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөгөө өглөө. Мөн академийн дэргэдэх “Мега Майнд” клубын оюуны спортын тамирчин, 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны БНХАУ-д зохион байгуулагдсан хамгийн олон үзэгчтэй ой тогтоолтын “Super Brain” шоуны ялагч, Олон улсын их мастер Э.Энхмөнх нь тус үйл ажиллагаанд оролцож, ой тогтоолтын оюуны спортоос өөрийн эзэмшсэн чадваруудаа нутгийн хүүхэд залуустай хуваалцлаа.
Ингээд академийн 10 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед,10 дахь гэрээт салбар болон үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа Д.Батболд захиралтай Өвөрхангай аймгийн гэрээт салбарын хамт олондоо оюуны хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх гэгээн үйл хэрэгт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж, тив дэлхийд нэрээ дуурсгах оюунлаг залуусын хөтөч нь байг, хэмээн ерөөе.
Монголын Оюун Ухааны Академи
2020.10.01