Апп тойм: MemoWords – Төвлөр, төсөөлөөд цээжил

Ихэнх хүн гадуур явах нь багасаж, шинийг суралцан өөрийгөө хөгжүүлэх цаг зав ихтэй болсон энэ үед Монголын Оюун Ухааны Академиас гаргасан MemoWords апп-ийг бид энэ удаа онцолж байна. Тэд өөрсдийн олон жил амжилттай хэрэгжүүлсэн гадаад хэлний үг цээжлэх хөтөлбөр дээр үндэслэн энэхүү апп-ийг бүтээжээ. MemoWords дээр ой тогтоолтын арга ашиглан, 10 улсын хэлээс үг цээжлэх боломжтой. Одоогийн байдлаар англи, солонгос, япон хэлний тохиргоо идэвжсэн байгаа аж. Та MemoWords-ийг ашиглан гадаад хэлний үгийг илүү сонирхолтой, зугаатай байдлаар цээжилж, үгсийн сангаа нэмэгдүүлээрэй.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Ямарваа хэлийг сурахад ахиц гаргахын тулд үгсийн сангаа нэмэх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч шинэ үгсийг тогтооно гэдэг бас санасны зоргоор биелүүлчихдэг амархан даалгавар биш. Шинэ үгсийн жагсаалт бичиж, олон дахин давтаж байж цээжилдэг уламжлалт аргыг бид мэднэ. Тэгвэл суралцагчдынхаа ой тогтоолтыг өндөр түвшинд аваачдаг Монголын Оюун Ухааны Академи олон жил хэрэгжүүлсэн гадаад хэлний үг цээжлэх хөтөлбөртөө үндэслэн энэхүү апп-ийг танд санал болгож байна. Товчхондоо, ой тогтоолтоор дэлхийд гайхагдаж буй олон тамирчинг бэлтгэж буй энэ академийн сургалтын арга бол таны MemoWords-ийг хэрэглэх гол шалтгаан юм.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Хүмүүс бодитоор харсан болон сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг мартдаггүй бөгөөд шинэ үгсийг цээжлэхдээ төсөөлөл дээр тулгуурлан бүхий л үйл явдлыг зурагжуулж болдог байна. Ингэж зурагжуулснаар тухайн мэдээллийг буюу тухайн үгийг хялбархан санах боломжтой болдог. MemoWords энэхүү аргыг аудио болон зургийн хамтаар ашиглан, дараах байдлаар үг цээжлүүлдэг.

Жишээлбэл: “ТОРИНИКУ” гэсэн үгийн монгол утга нь “ТАХИАНЫ МАХ” юм. Энэхүү Япон үгнээс “ТУРНИК” гэсэн дуудлага төстэй буюу холбож төсөөлөх үг олж, үүнийг монгол утгатайгаа холбож төсөөлнө. Нэгэн махны үйлдвэрийн эзэн “Манай ТАХИАНЫ МАХ хаана ч байхгүй амттай. Учир нь бид тахиагаа ТУРНИК-эн дээр хичээллүүлдэг” хэлж байгаагаар төсөөлөөрэй. Энэ үйл явдлын “ТУРНИК” гэсэн үг танд Япон хэлний “торинику” үгийн монгол утга “ТАХИАНЫ МАХ” гэдгийг хялбархан сануулна.

Memowords-ийг ашиглан англи, солонгос, япон, испани, турк, герман, швед, орос, франц, итали зэрэг 10 хэлний үг цээжлэх боломжтой. Одоогийн байдлаар англи, солонгос, япон хэлний тохиргоо идэвхжээд байгаа юм. Апп дээр эдгээр улс орнуудад суралцах буюу ажиллахын тулд зайлшгүй давах ёстой хэлний түвшин тогтоох шалгалтад хамаарах хичээлийн шинэ үгсийг оруулж өгчээ. Тухайлбал Япон хэлний N5, N4 түвшин, Солонгос хэлний TOPIK-ийн анхан, дунд шат, Англи хэлний TOEFL, SAT болон хууль, бизнес зэрэг мэргэжлийн салбарын үгсийг ч багцалж оруулсан нь онцлууштай.

Нэг багц нь 100 үг, 400 дасгалаас бүрдэх бөгөөд дотроо 5 үг, 20 хичээл болж задарна. Нэг хичээлийг бүрэн дуусгахын тулд бичих, сонсох зэрэг дөрвөн төрлийн 20 дасгал ажилласнаар тухайн үгийг хэзээ ч мартахааргүй тогтоох ажээ. Мөн үг цээжлэх уралдаан гэсэн хэсэгтэй бөгөөд үүний ачаар нийт хэрэглэгчдээс хэддүгээр байрт байгаагаа мэдэн, цаашид өөрийгөө илүү дайчилж, идэвхжүүлэх боломжтой нь тун зүгээр санагдлаа. Таны худалдан авсан багцын бүхий л үгийн жагсаалт хоёр сарын идэвхтэй хугацаа нь дууссаны дараа ч хадгалагдах бөгөөд хэдийд ч сэргээн давтах боломжтой юм. Багц хичээлийг авахдаа төлбөрийн карт, QPay систем болон Mongol Chat хэтэвчийг ашиглан төлбөрөө хийх боломжтой. Нэг зүйлийг сануулахад, апп-д нэвтэрсэн үедээ гурван удаа Screenshot, Screen Recording хийсэн тохиолдолд хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хязгаарлаж, зохиогчийн эрх бүхий оюуны өмчөөр баталгаажсан бүтээлийг хүндэтгэх шаардлага тавьдаг байна.

Ямар сул талтай вэ?

Дандаа үнэгүй зүйл хэрэглэх хүсэлтэй хүнд бол MemoWords апп-ийн хичээлийн багцууд төлбөртэй гэдэг нь сул тал болох болов уу. Гэхдээ нэг багцын төлбөр нь ердөө 5000 төгрөг гэдгийг санаарай. Энэ үнэд таны сурч буй хичээлийг боловсруулах, апп-ийг ажиллуулах, сайжруулах зардал шингэсэн гэдгийг дурдах нь илүүц биз ээ. MemoWords-д цаашдаа олон хэлний үгс нэмэгдэж, илүү боловсронгуй болж хөгжинө гэж найдаж байна.

 

UNREAD

https://unread.today/c/techworm-memowords