Тэнгэр санхүүгийн нэгдэл чуулган 2016-д оролцлоо

Өнгөрсөн амралтын өдөр Корпорейт Конвеншн Центрт Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банкны ажилтнууд болох 1000 гаруй хүн хамрагдсан “Тэнгэр санхүүгийн нэгдлийн чуулган-2016” үйл ажиллагаанд миний бие Монголын Оюун Ухааны Академийн сурагчид, тамирчдын хамт оролцлоо.

“Бид Монголдоо дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээтэй байгууллага болно.” гэсэн алсын хараатай ХАС банк манай тамирчдын оюуны спортоор олон улсад гаргаж буй амжилтыг хүндэтгэн биднийг урьсан билээ.

Бидэнд олгосон 20 минутын хугацаанд байгууллагынхаа үйл ажиллгаа, амжилтын талаар товчхон ярьснаас гадна тамирчид маань оюун ухааны гайхамшгаасаа үзүүлж чадвараа харууллаа. Тухайлбал, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул маань эгнээндээ 19 хүнтэй голын 7 эгнээний нийт 133 хүнийг нэг минутын хугацаанд ажиглан хүйсээр нь тогтоосны дараа нүдээ хаалтаар хаагаад эргэж харан нэг ч алдаагүй эрэгтэй, эмэгтэйгээр нь нэрлэлээ. АНУ-д болсон "Мемориад" оюуны олимпийн хүрэл медальт, 7 настай Б.Энхлүүн эхний эгнээний 33 хүний хэлсэн хоёр оронтой тоог цээжээр нэмж үзүүлсэн бол оюуны олимпийн хос мөнгөн медальт, 8 настай Б.Биндэръяа үзэгчдийн хэлсэн 8 оронтой 2 тооны үржвэрийг 30 секундын хугацаанд цээжээр алдаагүй бодлоо.

Биднийг үйл ажиллагаандаа урьж оролцуулсан Тэнгэр санхүүгийн нэгдэл, ХАС банкны нийт ажилтнуудад ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Монголын Оюун Ухааны Академийн

Захирал Х.Хатанбаатар

2017.01.24