ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ХЯТАДЫГ ЗОРИЛОО

БНХАУ-ын Жухай, Үхань хотуудад болох Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо болон Олон улсын ой тогтоолтын спортын холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүддээ оролцохоор тамирчид маань тус улсыг зорилоо.

Бид ийнхүү 56, 57 дахь олон улсын тэмцээндээ оролцох гэж байна. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 55 оюуны спортын тэмцээнээс нийт 1004 медаль хүртэж бүх насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Зарим тамирчдын маань зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлийг дэмжсэн Denk Pharma Mongolia, Жи Эн Бевережис, АПУ, Хишиг Арвин Индустриал, Капитрон банк, Нарантуул Трейд ХХК зэрэг албан байгууллагуудад тамирчид болон гэр бүлийнхнийх нь өмнөөс талархсанаа илэрхийлье.

Ингээд 20 орны 500 гаруй шилдэг тамирчидтай өрсөлдөх баг тамирчдадаа амжилт хүсье!

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2019.11.27