ЗҮҮНХАРАА ГЭРЭЭТ САЛБАРЫН 5 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Монголын Оюун Ухааны Академийн Э.Эрдэнэцэцэг захиралтай Зүүнхараа гэрээт салбарын 5 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнгөрсөн Даваа гарагт буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Мөнгөн Хараа чуулгад амжилттай болсон ба тус баярын үйл ажиллагаанд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар, Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж болон хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд хүндэт зочноор уригдан оролцлоо.

Энэ баярын үйл ажиллагаан дээр шилдэг сурагчид болон хамтран ажиллагч шилдэг байгууллагуудаа тодруулж шагналын хур буулгасан юм.

Тус салбар нь сум орон нутгийнхаа ЕБС, СӨБ-ын байгууллагуудтай байгуулсан хүүхдийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хүрээнд академийн нэрэмжит ангиудыг үүсгэн байгуулснаар олон зуун хүүхэд сургалтын таатай орчинд сурч хөгжих боломжтой болжээ. Ингээд “Хүүхдийн хөгжлийг дэмжигч – Шилдэг байгууллага”-аар Сэлэнгэ аймаг Баянгол сумын Д. Сарангэрэл захиралтай “Алтан гадас одонт Улсын тэргүүний Ерөнхий боловсролын сургууль”, Сэлэнгэ аймаг Мандал сумын Г.Гэрэлмаа эрхлэгчтэй “Улсын Тэргүүний III Цэцэрлэг” тус тус шалгарлаа.

Баярын үйл ажиллагааны төгсгөлд Х.Хатанбаатар багш “Тархиа үр дүнтэй ашиглах нь”сэдэвт лекцээ Зүүнхараа хотын хүүхэд залуус, иргэдэд үнэ төлбөргүй уншлаа.

Дашрамд дурдахад Монголын Оюун Ухааны Академийн Зүүнхараа гэрээт салбар нь анх 2014 онд Х.Алтаншагай захиралтай 2 сургагч багш, 45 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөг хүртэл нийт 1500 гаруй сурагчдыг оюуны хөгжлийн олон талт сургалтад хамруулж оюуны спортын олон арван тамирчдыг бэлтгээд байна.

Зүүнхараа гэрээт салбарын суралцагч хүүхдүүдийн гаргасан амжилтаас товчхон дурдвал Төвийн бүс болон Улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнүүдээс нийт 128 медаль, БНКУ-д зохион байгуулагдсан “Mental Arithmetic-2019” олон улсын цээж бодолтын нээлттэй тэмцээнээс сурагч Б.Итгэлмаа хүрэл медаль хүртсэн бол сурагч Г.Номин Спорт өрөлтийн Улсын “Шилдэг эмэгтэй тамирчин” цомын эзнээр шалгарч БНХАУ-д зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан зэрэг нь тус салбарын амжилтыг хангалттай харуулж байна.

Зүүнхараа Гэрээт салбарынхаа хамт олонд сурган хүмүүжүүлэх гэгээн үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2019.11.20