Ой тогтоолтын улсын аварга тодорлоо

Монголын Оюун Ухааны Академиас 9 дэх жилдээ санаачлан зохион байгуулж буй Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Корпорейт Хотел энд Конвеншн Центрт амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн шилдэг 108 тамирчин хараа, сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын цолтой (ОУ-ын Их Мастер 4, Их Мастер 3, ОУ-ын Мастер 10, Азийн Мастер 1) 18 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болголоо. Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад бага насны ангилалд Ш.Наранбат (4504 оноо), өсвөрийн ангилалд Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (7898 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (8335 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.

Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлж Улсын аваргаар ОУ-ын Их Мастер, 2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр (8335 оноо) шалгарч цом, медаль 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин Э.Лхагвадулам 7898 оноогоор дэд байрт орж 750 мянган төгрөг, гутгаар байрт ОУ-ын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч Н.Энхшүр (7123 оноо) шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртсэн юм. Мөн бүх насны ангилалд давтагдсан тоогоор 14 улсын дээд амжилт болон 12 дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хүндэт зочид оролцож тамирчдад амжилт хүссэн ба энэ үеэр баяр дээр баяр нэмсэн гайхалтай үйл явдал болсон нь Denk Pharma Mongolia компани ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжавыг, Хишиг Арвин Индустриал ХХК нь ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүрийг, Фаро Консалтинг ХХК нь ОУ-ын Их Мастер Н.Энхшүрийг тус тус өөрийн компанийн тамирчин болгож цаашдын олон улсын тэмцээн уралдаанд оролцох зардлыг нь ивээн тэтгэхээр болсон юм.

Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж оюунлаг үйлсийг дэмжсэн Хөх Монгол Принтинг ХХК, Гэгээн үйлс ТББ, Корпорейт Хотел энд Конвеншн Центр, Баясах Трейд ХХК болон Мон судар хэвлэлийн газрын хамт олонд талархсанаа илэрхийлье. Ингээд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн нийт тамирчдадаа баяр хүргээд тамирчдаа амжилттай бэлтгэсэн нийт багш, удирдлагууд, үргэлж дэмжиж тусалж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Тэмцээний албан ёсны дүнг www.memorysport.mn сайтаас харна уу.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр