2016 оны Сингапурт болсон Дэлхийн аварга

ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС 27 МЕДАЛЬ ХҮРТЭН БАГААРАА ХОЁРТ ОРЖ ДЭЛХИЙН 5 ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

Энэ долоо хоног буюу энэ сарын 14-нөөс 18-ны хооронд 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Сингапур улсад зохиогдлоо.

Тус тэмцээнд оролцохоор нийт 30 орны 232 тамирчин бүртгүүлсэн ба ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу авах боломжит 69 медалиас 27 медаль хүртлээ.

Мөн манай тамирчдын хувьд өсвөр болон бага насны ангилалын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, “Тооны Марафон” төрөлд Э.Пүрэвжав, “Түүхэн үйл явдал” төрөлд Н.Энхшүр, “Олон багц хөзөр” төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба хамгийн өндөр цол болох Олон Улсын Их Мастерын болзлыг Н.Мөнхшүр, З.Цэцэгзул, Их Мастерын болзлыг Б.Ариунсанаа, Н.Энхшүр, Олон Улсын Мастерын болзлыг М.Төгөлдөр, Э.Лхагвадулам, Б.Ариунзаяа, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Н.Намуундарь нар хангаж цол хүртлээ.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1 Алекс Мюллин тэргүүлсэн бол багийн нийлбэр дүн гарахад медалийн тоо болон чанараар Монголын баг тэргүүлсэн хэдий ч багийн оноо тооцох дэлхийн холбооны дүрмийн дагуу тухайн улсаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны оноог нэгтгэж дүн гаргаснаар манай баг Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт орлоо.

Ингээд бид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур гэх мэт олон арван улсад оюуны спортын 41 дэх тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 566 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж дэлхийн аваргаас медаль хүртсэнд нь онцгойлон баяр хүргэж байна. Цаг зав, сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа маш амжилттай бэлтгэж дасгалжуулсан ахлах дасгалжуулагч, багш Б.Баасандорж болон багш Б.Баярмаа нарт цааш цаашдын соён гэгээрүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе! Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан”МУНДАГУУД” шүү.

Манай баг тамирчдын энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ