7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
ХУРДАН УНШЛАГЫН ТУХАЙ
Хурдан уншлагаар хамгийн багадаа 12 настай хүүхэд хичээллэх боломжтой. Учир нь 12 нас хүртэл хүүхдийн нүдний булчингийн хөгжил явагдаж дуусдаг гэсэн судалгаа байдаг. Үүнээс бага насанд нь нүдний хамаагүй хүнд дасгалуудыг хийлгэснээр нүдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Фитнестэй зүйрлэж яривал бага насны хүүхдийг төмөр өргүүлж, хүнд дасгал хийлгүүлдэгүйтэй адилхан юм. Дээрээс нь 12 хүртэлх насанд хүүхдийн үгсийн сан хангалттай түвшинд хүрдэг учраас уншсан зүйлээ ойлгох, санахад бэрхшээл учрахгүй.
Хүн бүр хурдан унших боломжтой юу?
Хурдан уншлага бол уншлагын дэвшилтэд арга техник бөгөөд нүдний идэвхтэй харах талбай (хэвтээ, босоо тэнхлэг)-г нэмэхтэй холбоотой нүдний тусгай дасгалуудыг, ойлгоц хөгжүүлэх дасгалуудтай хослуулж хийснээр минутад унших үгийн тоог тодорхой хувиар нэмж илүү сайн ойлгож санах ойлголт юм.
Монголын Оюун Ухааны Академийн судалгааны баг 2011 онд 500 гаруй томчуудаас хурдан уншлагын судалгаа авсан байдаг. Хамгийн гол нь судалгаа авах үедээ тэдгээр хүмүүст хандан энгийн үед хэрхэн уншдаг тэр хурдаараа уншиж, мэдээллээ эргэн санахыг хүссэн юм. Судалгааны үр дүнд дундаж хурд нэг минутад 163 үг, ойлгоц 85 хувьтай гэсэн дүн гарч байсан.
Тэгвэл минутад унших үгийн тоог зөв дасгал сургуулилтын үндсэн дээр 500-1000 үгт оруулах бүрэн боломжтой юм. Уншиж байх үед тохиолддог хамгийн гол асуудал бол тархинд хийсвэр бодол (жишээ нь, маргаашийн хурлын талаар бодох, хүүхдээ цэцэрлэгээс нь авах г.м) эргэлдсэнээр нүд хэдий текстийн мөр бүр дээр гүйж байгаа хэдий ч уншиж буй зүйлдээ төвлөрөх боломжгүй болдог.
Тэгвэл хүний тархи 1 минутад хамгийн багадаа хүлээж авч боловсруулах үгийн тоо 500 байдаг гэж үздэг. Гэтэл минутад 150 үг уншиж байгаа хүний тархины үлдсэн орон зай (350 үг)-нд хийсвэр бодлууд эргэлдсэнээс анхаарал сарниснаар үр дүнтэй уншдаггүй гэсэн үг.
Тэгвэл хүн хамгийн багадаа 500 үг уншдаг болсноор тархинд хоосон орон зай үүсэхгүй, ингэснээрээ анхаарал бүрэн төвлөрнө. Төвлөрснөөрөө илүү сайн ойлгоно гэсэн энэ энгийн логикоос харж болно.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд "Хурдан уншлага"-ыг "Фото уншлага"-аас ялгаж ойлгох хэрэгтэй. Хурдан уншлагын хувьд хамгийн дээд хурд 1350 үгт багтдаг. Үүнээс дээш бол фото уншлага гэж үздэг. Бид минутад хэдэн арван мянгаар нь хурдан уншдаг хүмүүсийн талаарх түүхийг сонсож л байсан. Гэхдээ яг албан ёсны тэмцээн нь 2000 оноос явагдаж эхэлсэн бөгөөд хэдэн мянгаар уншсан тохиолдол өнөөдрийн хүртэл гараагүй байна. Одоогоор буюу 2017 оны 1 сарын байдлаар албан ёсны тэмцээнд 1 минутад хамгийн өндөр хурдтай уншсан нь Ибрахим Мурат 1246 үг уншиж агуулгаа санаснаар албан ёсны дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.
Монгол улсаас олон улсын тэмцээнд оролцсон анхны монгол тамирчин бол тус академийн Захирал Х.Хатанбаатар юм. Тэрээр 2006 оноос хурдан уншлага сэдвийг судалж хичээллэн 2008 оноос өнөөг хүртэл хурдан уншлагын олон улсын 5 тэмцээнд орж байснаас анх 2008 онд Туркийн аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа. Хамгийн сүүлд АНУ-ын Лас Вегас хотноо оюуны спортын хамгийн том тэмцээн болох 4 жилд нэг удаа зохиогддог тэмцээнд оролцож хурдан уншлагын төрөлд нэг минутад 998 үг уншиж агуулгаа санах хувиар 9-р байрт орж байсан.
Хурдан унших аргачлалд суралцсан хэн нэгний хувьд унших материалаас хамааран унших хурд өөрчлөгддөг. Энгийн үг хэллэгээр бичигдсэн сонин, сэтгүүл, зохиолын ном зэргийг дээд зэргийн хурдаар уншдаг бол мэргэжлийн үг хэллэгтэй ном бүтээл уншихад энэ хурд буурна. Гэхдээ аргачлал эзэмшээгүй хүний хажууд хамгийн багадаа 2 дахин хурдан уншиж, ойлгож чадна.
Зөв дасгал сургуулилт, хичээл зүтгэлээр та 3 долоо хоногт өөрийн одоогийн унших хурдаа 2-5 дахин нэмэгдүүлсэн хурдтай болгож, илүү сайн ойлгох боломжтой юм.