7000-2266
support@mastermind.mn
logo
ТАНИЛЦУУЛГА
СУРГАЛТ
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ФРАНЧАЙЗ
МЭДЭЭ
БҮТЭЭГДЭХҮҮН
ПРОГРАМ
ШИНЭ ЭЛСЭЛТ
“ХУРУУНДАЙ” ТҮРГЭН БОДОЛТЫН СУРГАЛТ
Хуруундай хөтөлбөр нь хуруу, соробан, төсөөлөх чадвар дээр суурилсан цээж бодолтын тусгай аргачлалаар тархины хоёр тал бөмбөлгийг зэрэг тэнцвэртэй хөгжүүлдэг, математикийн дөрвөн аргын тооллыг маш хурдтай тооцоолж сургахад чиглэсэн цогц сургалт юм. Хоёр хагас бөмбөлгийг хамтад нь тэнцвэртэй ашиглаж сурснаар хүүхэд аливаа зүйлд тууштай болж, анхаарал төвлөрөлт нь хөгжихөөс гадна, ЕБС-ийн хичээлдээ ч гаргах амжилт нь мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгддэг билээ.​
Сургалтад хамрагдахын тулд:
Суралцагч 1-99 хүртэлх тоогоо хаанаас нь ч асуусан мэддэг бас бичиж чаддаг байх хэрэгтэй. Учир нь тоогоор дамжуулан баруун тархины төсөөлөх үйл ажиллагааг идэвхжүүлэн дараах үр дүнд хүрэх юм. Хүүхдийн төсөөллийн хүчийг нэмэгдүүлэн тооцоололд хоёр тархины оролцоог хангаснаар хурдтай сэтгэж аливаа арифметик үйлдлийг төвөггүй тооцоолох чадвартай болно. Өөрөөр хэлбэл тооны машинаас хурдтай бодох дасгал болж байна гэсэн үг юм.
Ач холбогдол
Хэрвээ та “Тооны машин байхад ийм сургалт байх шаардлагатай гэж үү?” гэж боддог хүмүүсийн нэг бол буруу бодож байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь зөвхөн хурдтай тооцоолол биш бөгөөд хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэсвэр тэвчээр, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг. Хурдтай тооцоолол хийж сурах нь эзэмшиж буй чадваруудынх нь нэг л хэсэг юм.
Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхэд:
  • Хоёр тархины тэнцвэртэй хөгжил
  • Үр дүнтэй сонсох чадвар
  • Асуудлыг хурдан, зөв дүгнэн шийдвэрлэх чадвар
  • Хурдтай математик тооцоолол
  • Хүчирхэг төсөөлөл
  • Хурдтай суралцах
  • Хүчирхэг ой тогтоолт
  • Өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Оюуны өндөр чадамж
  • Тэвчээр хатуужил
  • Тууштай байх
зэрэг олон суурь чадвараа хөгжүүлдэг
Тус сургалтын “Дуут Анзан” болон “Флаш Анзан” дасгал нь хүүхдийн сонсгол болон харааны мэдрэхүйг хөгжүүлж унших хурдыг нэмэх, уншсан мөн сонссон сэдвээ сайн ойлгох боломжийг олгодог.
Сурагч энэ бүх чадварыг эзэмшиж үр дүн гаргахын тулд урт хугацааны турш үргэлжлэх богино хэмжээний системтэй давталтыг хийж байх хэрэгтэй. Хичээл бүрийн төгсгөлд багшийн өгсөн зөвлөгөөг баримтлан гэртээ компьютер дээр өдөр бүр 15-20 минут дасгалын програм дээр ажиллахад л хангалттай.
Сургалтын хөтөлбөр
Хуруундай хөтөлбөр нь ЕБС-ийн 2-4 дүгээр ангийнханд зориулсан 2 жилийн хөтөлбөр юм. Эхний жилдээ суралцагч нэмэх, хасах үйлдлийг цээжээр алдаагүй хурдан бодож, Mind games /спорт өрөлт, кимастер, рубикийн шоо/ оюун сэтгэхүй хөгжүүлэх спортын төрлүүдийг нэмэлтээр сурна. Сургалтын төгсгөлд шалгалтаа амжилттай өгч сертификат авснаар суралцагч нь дараагийн жилийн сургалтад үргэлжлүүлэн суралцана.
Хоёрдугаар жилийн сургалтад нэмэх, хасах үйлдлээ гүнзгийрүүлэн, үржих, хуваах үйлдлээ суран хэдэн мянгын дотор төвөггүй тооцоолон, түргэн бодолтын тэмцээний төрлүүдэд суралцах бөгөөд оюун сэтгэхүй хөгжүүлэх Mind games /спорт өрөлт, кимастер, шоо/ хөтөлбөртөө илүү мэргэшиж, улсын болон олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох боломжтой болно.
Түгээмэл асуудаг асуулт, хариулт
Хуруундай түргэн бодолтын сургалтад яагаад хамрагдах ёстой вэ?
Зарим хүмүүс “Тооны машин байхад цээжээр бодуулж хүүхдүүдээ зовоох ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуудаг. Энэ асуултад дараах байдлаар хариулж болно. Машинтай хүн ч эрүүл байхын тулд фитнес төвд эсвэл гадаа гүйлтийн талбайд гүйдэг. Тэгвэл “Машин байхад гүйж өөрийгөө юунд зовооно вэ?” гэж асуух хэрэгтэй. Үүнтэй адил цээж бодолт нь тархийг эрүүл байлгах хамгийн гайхамшигтай дасгал юм. Эцэг, эхчүүдийн хувьд бас нэг буруу ойлголт бол цээжээр тоо бодно гэдэг нь хүүхдийг залхааж ядраадаг гэж үздэг. Одоогийн дунд сургуулиудад зааж буй дөрвөн аргын тоо бодох уламжлалт арга нь ямар ч хүнийг залхааж ядраах, хурдтай бодох ч боломжгүй болгодог. Учир нь уламжлалт арга тархины зөвхөн нэг тал буюу зүүн тархийг ажиллуулдаг тул бодоход төвөгтэй түүнчлэн тархины хөгжилд синержи буюу хоёр тархины хамтын ажиллагаанд саад болдог. Хамгийн чухал зүйл бол хоёр тархины оролцоотойгоор хялбар, хурдтай арифметик үйлдлийг цээжээр гүйцэтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Баруун, зүүн хоёр тархины оролцоотойгоор үйлдэл гүйцэтгэх гэж юу вэ?
Тархины 2/3-ыг эзэлж буй дээд тархи зүүн болон баруун гэсэн хоёр тал бөмбөлөгтэй. Хоёр тархи тус тусдаа үйл ажиллагааг хариуцаж хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Гэвч ихэнх хүний хувьд өдөр тутмын амьдрал болон хичээл ном, ажил мэргэжилдээ зүүн тал бөмбөлгийг давамгай ашигладаг. Үүний шалтгаан нь манай боловсролын систем тархины зүүн хагас бөмбөлөг дээр суурилж мэдээллийг логик сэтгэлгээнд тулгуурлаж заадагтай холбоотой. Үүнээс болж хүүхдийн бүтээлч сэтгэлгээ орхигдож байдаг. Суралцах үйл явцад баруун тархины оролцоо дутагдсанаар бүтээмж муутай байдаг гэсэн үг. Тус хөтөлбөрийн онцлог бол цээжээр бодох явцад зүүн тархи оролцохоос гадна төсөөлөл, мэдрэхүй, мэдрэмж зэргийг хариуцаж байдаг баруун тархи идэвхжсэнээр хурдтай сэтгэж, бүтээлч байх боломж бүрдэнэ.
Хуруундай сургалт нь хэрхэн явагддаг вэ?
Сургалтын давуу тал нь хичээлийн турш хүүхдийн идэвх оролцоог бүрэн хангадаг. Багш шинэ сэдвийг үлгэр, төсөөлөл дээр тулгуурлан хөгжилтэй үйл явдлаар тайлбарладаг нь сурагчдыг залхаахгүй байх үндэс нь юм. Өөрөөр хэлбэл сургалт нам гүм, залхуутай орчинд биш тоглоомын арга дээр тулгуурлан хүүхэд бүрийн оролцоотойгоор явагдана. Ингэснээр суралцагч сургалтын хугацаанд хэзээ ч сургалтын дарамтыг мэдрэхгүй. Энэ нь хүүхдэд сурах хүслийг бий болгож, өндөр түвшинд сэдэлжүүлж өгдөг.
Хуруундай хөтөлбөр нь миний хүүхдэд ямар ач тустай вэ?
Хуруундай хөтөлбөрт хамрагдсанаар таны хүүхэд олон үйлдэлтэй олон тооны арифметик үйлдлийг хурдтай тооцоолж сурахаас гадна анхаарал төвлөрөлт, сэтгэхүй, ой тогтоолт, тууштай зан чанар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж хоёр тархийг хамтад нь хөгжүүлж өгдөг.
Дандаа л хуруугаараа бодоод байх уу?
Хуруу ашиглан хурдтай тооцоолол хийх нь бидний мэдэх бага насны хүүхэд дөнгөж тоо сураад хуруугаараа тоо боддог уламжлалт арга барилаас тэс ондоо зүйл. Хүүхэд энэ бүх үйлдлийг маш богино хугацаанд хийхийн тулд хурдтай сэтгэж хуруугаа ашиглан хариуг гаргадаг. Энэ чадварт мэргэших тусам хуруу ашиглах шаардлагагүй болно. Мөн тооцоолох хэрэгсэлд мэдрэхүйн эрхтний оролцоог хангаж өгснөөрөө хоёр гарыг хянаж байдаг баруун, зүүн тархийг идэвхжүүлж өгдөг. Бидний сонсож ирсэн 'Гар ажиллавал тархи ажиллана' гэдэгтэй адил хоёр гараа ашиглан тархиа хөгжүүлж буй хэлбэр юм.
Соробан сампингийн сургалтаас хэр ялгаатай вэ?
Систем нь үндсэндээ соробангийн системд суурилсан. Учир нь гарын эрхий хуруунаас бусад хуруу нь сампингийн доод эрхийг харин эрхий хуруу сампингийн дээд эрхийг төлөөлнө. Үүн дээр тулгуурлан бүх аргачлалыг нэг томъёонд багтаасан учир хүүхэд соробангийн сургалт шиг сампин, карт болон төсөөлөл дээр тус тусад нь ажиллах зэрэг урт хугацаа шаардахгүйгээр маш богино хугацаанд төвөггүй суралцаж үр дүн гаргадаг.
Сургалт дууссаны дараа дасгалын программ нь шууд хаагдах уу?
Төгсөгчдөд зориулсан дасгалын программын эрхийг суралцсан салбартаа хандан нээлгэх боломжтой.
Хамгийн багадаа хэдэн настай хүүхэд академийн түргэн бодолтын сургалтад суух боломжтой вэ?
Түргэн бодолтын сургалтад хамгийн багадаа 2-р ангийн хүүхэд элсэн суралцах боломжтой. Учир нь 1-р ангийн хүүхдийн хувьд дөнгөж сургуульд орж суралцаж байгаа учир уламжлалт аргатай хольж будилах тохиолдол гарах, сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд сургуулийн анги танхим, багш, урт хугацаагаар тогтвортой сууна гэсэн бүрэн дүүрэн ойлголт байдаггүй учир төвлөрч суухад бэрхшээлтэй байдаг. Тиймээс сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд эдгээр хөтөлбөрийг өдөрт бага хугацаагаар тоглоомын арга ашиглан академийн харьяа цэцэрлэг дээр хэрэгжүүлдэг. Бусад хөдөлгөөнт сургалтын хувьд бага насны хүүхэд хамрагдах боломжтой.
Сургалтын турш хүүхэд өдөрт хэдэн удаа давтах вэ?
Хуруундай сургалтад хамрагдаж буй хүүхэд гэртээ өдөр бүр багадаа 15 минут дасгалын программ дээрээ ажиллах хэрэгтэй. Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. Та хүүхдэдээ хоногийн 24 цагаас ердөө 15-хан минутыг даалгавар хийх тал дээр нь анхаарснаар хүүхдийнхээ гарах үр дүнгээр бахархах болно. Даалгавар хийлгэхдээ урдуур нь орж бодсон бодлогыг нь зөв, буруу гэж шүүж болохгүй. Буруу хариу гаргасан ч урам өгч байгаарай. Гаргасан алдааг нь багш анги дээр засах болно. Та зөвхөн дасгалын програм дээрээ ажиллаж байгаа эсэхэд нь л хяналт тавина.
Сургалтын явцад хүүхдэд даалгавар өгөх үү?
Тухайн сургалттай холбоотой дасгалын ном болон дасгалын программын эрхийг өгнө. Хүүхэд үзсэн хичээлтэй холбоотой ном болон дасгал программ дээр өдөр бүр багадаа 20 минут давталт хийх шаардлагатай.
Хүүхэд байнга тоо бодсоноор идэвх нь суларч хийж буй зүйлээсээ залхах уу?
Хичээл ихэвчлэн хүүхдүүдийн оролцоон дээр тулгуурлаж явагдах ба хичээл бүр дээр тэмцээн зохиох хэлбэрээр явагдаж хүүхдийг идэвхжүүлж байдаг. Тиймээс хүүхдүүд дасгал хийх бүртээ эрч хүчтэй байдаг. Гэхдээ зарим хүүхдийн хувьд залхуутай, төвөгтэй санагдах үе бий. Энэ бол том амжилтын төлөө явж байгаа хүнд тохиолдож буй энгийн бэрхшээл юм. Күнзийн сургааль дээр хэлсэн шиг “Их битгий хий, бага битгий хий! Харин өдөр бүр хий!” гэсэн зарчмыг л баримтлах хэрэгтэй. Бага багаар хийгээд байхад нэг л мэдэхэд эрс сайжирна. Хамгийн гол нь хүүхэд бүрд шинэ сэдвийг маш сайн ойлгуулах тул гэртээ дасгалын программ дээр даалгавраа хийхээ л орхигдуулж болохгүй. Дасгалын софтвэйр програм бол манай сургалтын маш том давуу тал юм. Мөн хичээл дээр хүүхдийг идэвхжүүлэх спорт өрөлт зэрэг сэтгэхүйн олон тоглоом, хичээл бий.
Энэ хөтөлбөр нь дунд сургуульд үзэж буй арифметик үйлдлийг бодох аргачлалаас юугаараа ялгаатай вэ?
Хуруундай хөтөлбөрийн шинэлэг, дэвшилтэд арга нь тус хөтөлбөрийн гол түлхүүр юм. Арифметик үйлдлийг гүйцэтгэх уламжлалт арга нь зүүн тархины үйл ажиллагаан дээр суурилсан байдаг ба үүнээс шалтгаалан тархины чадамжийг үр дүнтэй ашиглах боломжийг хязгаарладаг. Сургуульд заагдаж буй уламжлалт аргаар энгийн бодлогуудыг бал, цаас ашиглалгүйгээр цээжээр бодож чадна. Гэхдээ илүү олон үйлдэлтэй олон бодлогыг хурдтай бодох боломжгүй. Харин энэ хөтөлбөрийн гол агуулга нь тархины баруун хагас бөмбөлгийн оролцоотойгоор төсөөллийг бий болгосноороо суралцагчдын тархины мэдээлэл боловсруулах чадамжийг дээшлүүлэн олон тооны арифметик үйлдлийг хурдтай, зөв хийхэд тусалдаг. Энэ нь хүүхдэд тархины хоёр хагас бөмбөлгийг хамтад нь тэнцвэртэй ашиглахыг сурган сурлагын амжилтыг мэдэгдэхүйц сайжруулдаг.
Дунд сургуулийн тоо бодох уламжлалт аргатай зөрчилдөнө гэдэг?
Та хүүхдийнхээ онцлогийг сургуулийн багшид анхнаас нь маш сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн урам зориг, чадварыг нь үгүйсгэлгүйгээр хичээлээ тайлбарлахад хүүхэд маш хурдан ойлгож чадах юм. Учир нь энэ олон тооны арифметик үйлдлийг хүний санаанд орохооргүй богино хугацаанд сэтгэж бодож байгаа хүүхэд энгийн ямар ч сэдвийг төвөггүй ойлгох боломж бүрддэг.
Хуруундай сургалтыг заах багш нараа яаж бэлддэг вэ?
Хуруундай хөтөлбөрийн хичээлийг заах багш нар Монголын Оюун Ухааны академи дээр бэлтгэгддэг. Энэ хөтөлбөрийг олон улсад заах эрхтэй Master Trainer буюу Мастер Сургагч багш Х.Хатанбаатар багш болон ахлах багш нарын удирдлага доор багш нар урт хугацаанд бэлтгэгдэж амжилттай төгссөн багш нар заах аргазүйн сертификатаа гардан авдаг.
Хүүхдээ сайжирч буйг хэрхэн мэдэх вэ?
Хүүхдийн оюуны хөгжил эцэг, эх, багшийн хамтын ажиллагааны үр дүнгээс шалтгаалах учир сургалтын явцад эцэг, эх хүүхдээ хүргэж өгөх, авахдаа багштай байнга холбоотой байж хүүхдийнхээ хөгжлийн талаарх мэдээллийг тогтмол авч санал бодлоо солилцох үүрэгтэй.
Энэ хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс юуг анхаарах ёстой вэ?
  • Сургалтын хугацаанд багштай тогтмол холбоотой байж хүүхдийнхээ хөгжлийн талаар мэдээлэл авах
  • Сургалттай холбоотой санал, хүсэлтээ сургалтын менежерт бичгээр мэдэгдэж байх
  • Үзсэн хичээлийнхаа даалгаврыг хийхэд нь шаардлагатай зүйлсээр хангах
  • Өдөр бүр 15 минут даалгавар хийх тал дээр нь анхаарах, боломжийг нь бүрдүүлэх
  • Хүүхдийг хичээлээс хоцруулахгүй мөн таслуулахгүй байх
  • Хичээл цагтаа эхэлж цагтаа дуусах тул хүүхдээ авчрах болон авахдаа цаг барих
Танай байгууллага дээр хүүхдэд зориулсан бусад төрлийн сургалт байдаг уу?
Монголын Оюун Ухааны Академи бүх насныханд зориулсан оюуны хөгжил, оюуны спортын олон талт сургалт явуулдаг. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сайтаас болон 7000-2266 дугаараар холбогдож мэдээлэл авна уу.