ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хандсүрэнгийн Хатанбаатар

Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Дэлхийн цээжинд орших Монгол хэмээх энэ газар нутаг бахдам сайхан түүхтэйн дээр Монгол хүн болж төрнө гэдэг ховорхон тохиох аз завшаан билээ.

Монгол хүүхэд бүр оюунлаг, ёс суртахуунтай, эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй болж төлөвшинө гэдэгт би итгэж явдаг. Учир нь бидний ирээдүй бол ХҮҮХЭД юм. Тэд ирээдүйд үлдэх, ирээдүйн бүтээн байгуулалтад оролцох, ирээдүйг бүтээх ХҮМҮҮС.

Тиймээс бид гэгээлэг, сайхан ирээдүйг бүтээхийн төлөө үр хүүхдэдээ анхаарч хойч үеэ ёс суртахуунтай, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх аав, ээж, ахмад үе, насанд хүрэгчид өөрсдөө биеэр үлгэрлэн үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх орныхоо өмнө хүлээсэн  үүргээ биелүүлэн өөрсдийн хөдөлмөр, урлаг, сургаалиар үлгэр жишээ болгох ёстой.

Монголын Оюун Ухааны Академийн хамт олны зүгээс эх орны маань ирээдүйг атгалцах эрхэм дүү нарыгаа бага балчир наснаас нь хөгжүүлж онцгой чадварыг эзэмшүүлэн чадамж хэмээх гүүрээр зөв алхахад нь туслах зорилгоор өнгөрсөн 9 жилийн хугацаанд оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг зохион байгуулж оюуны спортын тэмцээнд олон зуун хүүхэд, залуусыг хамруулж оюуны том хөрөнгө оруулалтыг хийсээр ирлээ.

Одоогоор манай хамт олон Улаанбаатар хотын 5 дүүрэгт үндсэн болон гэрээт 8  салбар, мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь,  Дорнод, Баянхонгор зэрэг аймгуудад гэрээт  салбарууд нээгдэж  үйл ажиллагаагаа амжилттайгаар удирдан явуулж байна. Орон нутгийн салбаруудын амжилтыг товчхон дурдахад Дархан-Уул аймгаас оюуны спортын өсвөрийн Ази, Дэлхийн аварга, Орхон аймгаас бага насны ангиллын Ази, Дэлхийн аварга, Сэлэнгэ аймгаас олон улсын аваргууд, Хөвсгөл аймгийн гэрээт салбар 2017 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлээд 6 сарын дараа бэлтгэсэн сурагчид нь улсын аваргын тэмцээнд амжилттай оролцон 21 медалийн 12-ыг нь хүртэж байсан амжилтыг дурдъя. Эндээс орон нутагт бэлтгэгдэж буй сурагчдын амжилт дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгааг тодхон харж байна.

Өнөөдөр бид Монгол орныхоо өнцөг булан бүрт оюуны үрийг тарихаар 21 аймагт гэрээт салбаруудыг нээх зорилготойгоор үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүгдийг энэ их үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.

Дэлхийд тэргүүлэх Монгол оюуныг хамтдаа бүтээцгээе.

Хүндэтгэсэн,

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Ой тогтоолтын дэлхийн аваргын мөнгөн медальт,
Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар