Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюуны спортын ОУ-ын шүүгч, Монгол Улсын Гавьяат багш Х.Хатанбаатар нь Турк улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт, оюуны зураглал зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монгол Улсын анхны тамирчин юм.
Анх 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын олон улсын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас дурдвал Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Англид төвтэй Оюуны спортын олимпиадаас зохион байгуулсан олон улсын покерийн тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.
Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр тус академийг 2010 онд үүсгэн байгуулснаас хойш боловсрол, спортын салбарт идэвхтэй ажиллаж академийн харьяа Ивээлийн найзууд цэцэрлэг, Язгуур бага сургууль, оюуны спортын таван холбооны үйл ажиллагааг тус тус эхлүүлж, илтгэл лекц, сургалтаараа олон мянган хүүхэд залууст сурах, хөгжих урам зориг өгсөөр байна.
Тэрээр мөн “Уншихуйн гайхамшиг” ном, “Ой тогтоолтын аргаар гадаад хэлний үг цээжлэх нь” ном, “Сурах ийм гоё” AR Card-ын зохиогчоос гадна технологийн салбарт амжилттай ажиллаж оюуны хөгжлийн хичээлүүдийг багтаасан “MemoClass” болон 10 хэлний үг цээжлэх аргачлалын “MemoWords” аппликейшнийг тус тус хэрэглэгчдийн хүртээл болгоод байна.